2016-11-14
Олимпийн аварга Э.Бадар-Ууганы сонирхолтой ярилцлага
Олимпийн аварга Э.Бадар-Ууган: Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд Монголоороо гоёдог гэж Олимпийн дэвжээнд уншсаныг маань хүмүүс анзаараагүй байсан

Энхбатын Бадар-Ууган… Бээжингийн олимпийн дэвжээнд Монголоороо омогшин гоёсон цэл залуухан энэ аварга өвлийн тачигнасан жаврыг сөрж цоо шинэ ертөнцийг өөртөө бүтээж явна. Монголын боксын спортын түүхийг алтан үсгээр сийлсэн Э.Бадар-Ууган аварга шинэхэн тамирчны хүсэл мөрөөдөлд умбаж ирэх олимпийн бэлтгэлээ базааж сууна. Тун удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр тэсэн ядан хүлээж буй олимпийн аваргын ажил амьдралын хамгийн сүүлийн үеийн шинэ сонинг хүргэхэд таатай байна. Бээжингийн олимпийн гурван алтан медальтан Н.Түвшинбаяр, Баатаржав, Э.Бадар-Ууган нар гурвуулаа зургадугаар сарын 1, 2, 3-нд дараалан төрцгөөсөн сонирхолтой тохиолдлыг тэрээр хуучлав.

Монголчуудын хүсэн хүлээсэн олимпийн алтан медалийг эр бяр, эрэмгий дайчин тулаанаараа эх орондоо авчирсан түүний цоо шинэ амжилтын гараа хэдийнэ эхэлжээ.

-Жавар сөрөөд уулын мухар луу гүйж яваа аваргаас бэлтгэл ямар байна гэж асуух илүүц байх. Энэ жил таныг ямар ямар хариуцлагатай цаг мөч, уралдаан тэмцээн хүлээж байна?

-Би жилийн жилд 2 оны зааг дээр жаахан өвчин ороох гээд байдаг. Энэ жил ч мөн тэр ёсоороо л эхэлж байна. Монгол хүний сүжиг гэж байдаг даа. Миний жил ч ороод гарч байна. Бага сага өвчин ороохыг бол барцад арилж байгаа байх гэж ойлгож байгаа. Миний хувьд 3 сараас улсын аваргад орохоос эхлээд томоохон тэмцээнүүд энэ онд хүлээгдэж байна. Тиймээс ойр зуур биеэ сувилах, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байна. Жилийн өмнө яг өдийд би хагалгаанд орж хагас жил гам барьсан ч хөнгөхөн бэлтгэлээ хийгээд явж байсан л даа.

-Манай боксчдын амжилт энэ жил дэлхийн аваргын тэмцээнд шуугиуллаа. Та ч Миланд дээлийн зах сайн мушгисан байна лээ?

-2005 оноос хойш манай боксын түүхэнд цоо шинэ, алтан хуудсууд нээгдсэн гэж хэлж болно. Миланд болсон дэлхийн аваргын тэмцээнд найзуудаа дэмжиж, хамтдаа бэлтгэл хийж, Сэрдамба, Энхзоригтойгоо нэг өрөөнд байрлаж, өөрийн мэдэж чадах зүйлээ хэлж зөвлөөд жин хасалцаад явсан. Тамирчин хүнд хажууд ханьтай, жин хасалцахад хамт бэлтгэл хийх дэмтэй байдаг. Эндээс явахдаа би “Ямар ч байсан дэлхийн аваргатай ирнэ. Нэрээ бодно шүү” гэж бусаддаа хэлж байсан. Энэ амлалт зорилгоо биелүүлж ирсэндээ баяртай байгаа. Боксынхон бүгд жигд бэлтгэлтэй учраас амжилт гаргах медаль авахад гайхаад байх юмгүй л дээ. Бие биедээ тусална, багаараа л ахина. Энэ жил Төгсцогт маань насанд хүрээгүй байхдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ. Ах нар нь ялалт өвөртлөөд, нүдэн дээр нь амжилт гаргаад байхад илүү итгэл үнэмшил төрүүлж байгаа л даа. Айх мохох зүйлгүй, эрчээрээ тоглож хүртсэн медаль.

-Боксынхон урьдчилж амлалтаа бичгээр өгч тэмцээнүүдэд зорилго тавьдаг гэсэн. Сэтгэл зүйн талаас ч гэсэн хариуцлага болчихдог байх?

-Манай үндэсний шигшээ багийн тамирчид бүгд амлалт өгдөг. Зардал мөнгө нь хүртэл эртнээс төлөвлөгдсён тэмцээнүүдэд тамирчин тус бүр урьдчилж амлалт өгч гарын үсэг зурдаг. Би 2007 онд өгсөн амлалтуудаа бүгдийг нь давуулаад биелүүлчихсэн, сүүлд нь бичсэнээ сэтгэл хангалуун харж байснаа мартдаггүй юм. Энэ бол тамирчдаас нарийн хувийн зохион байгуулалт, хөлс хүч, техник шаардсан том хариуцлага. Түүнээс байнга дэлхийгээр хэсээд л тэмцээнд болсон болоогүй явж байдаг тухай ойлголт бас биш. Тэмцээнээс ирээд манай холбооныхон алдаа оноогоо бүгдийг ярьж, багаараа хуралддаг. Бүх тамирчдыг нэр дурьдаж сануулга анхааруулга өгч цаашдаа ийм байвал үр дүн алга, улсын нэрийн өмнөөс явах хэрэг байхгүй гээд л хатуу шүүмж өрнүүлдэг. Энэ болгон тамирчдын цаашдын амжилтанд нөлөөлдөг. Би бол ийм шүүмж сонсч байсандаа олзуурхдаг.

-Оюуны тулаан, асар богино хугацаанд самбаачлах сэтгэлгээ гээд яривал тамирчны их ухаан яригдах байх?

-Тэгэлгүй яахав. Хэнийх нь тархи илүү хурдан ажиллаж оновчтой цохилт хийнэ, тэр оноо авна. Халз тулааны спортын онцлог ердөө л энэ. Манай боксчдын тархи амьдрал дээр ч хурдан ажилладаг. Муугаар яривал жолоо барьж байхад хүртэл осол аваариас самбаачлаад гарчихдаг. Би саяхан амьдралдаа анх удаа анд явж үзлээ. Агшинг нь тааруулаад буудчих боломж бүрэн байхад л хүмүүс сандраад чаддаггүй л юм билээ. Надад бол спорттой дөхөм санагдсан. Тамирчны техник рингнээс өөр газар ч алхам тутамд хэрэг болдог. Бокст бол хором мөчтэй өрсч чадахгүй бол нам цохиулаад л дуусна.

-Бокстой амьдралаа холбосон энэ хугацаанд та юуг алдаж, золиосолж байж амжилтанд хүрэв. Ширэн бээлийтэй анх танилцсан түүхээс сөхвөл сонин байна?

-1998 онд анх Ганзориг багш дээрээ боксын секцэнд орж байсан. Эргээд бодоход 11 жил маш хурдан өнгөрчээ. Удаа ч үгүй ялалт ялагдлыг мэдрээд, тэмцээнд гадагшаа явах болоход зардлын мөнгө олдохгүй нь бас амаргүй байсан. Тухайн үеийн боксын холбоо тамирчдыг ялгаварлах, дарах тэмцээнд явахад хойш урагш татах асуудлууд гардаг байсан. Жаахан байхдаа жин хасаад, бэлтгэж бэлтгэж гадагшаа явна гээд баярлаад байж байхад яг өмнөх өдөр нь хасагдчихна. Онгоцны буудлаас чемоданаа чирээд нүдэндээ нулимстай буцах үе ч байсан. Багаасаа ийм зам туулсан болохоор хат суусан л даа. Том зорилго тавиад дараагийн тэмцээнд явахад маань иймэрхүү явдал хурцалж өгч байсан. Шууд л бүх юм маань ногоон гэрлээр бүтээд байсан бол хор шар хөдлөө ч үү үгүй ч үү. Өнгөрсөн 11 жил хал үзэж халуун чулуу долоосны ачаар амжилт өвөртөлсөн.

-Жин хасна, зовж зовчихоод ганцаараа торойгоод үлдчихэд юм юм бодогдоно биз?

-Тэгнэ. Чемоданаа бариад онгоцны буудалд үлдсэн хүн чинь уурандаа ундаа л ууна. Жин хасч байна гээд залгих шүлс ч байхгүй, дуугарч ч чадахгүй болчихдог тамирчдын зовлонг яривал их юм бий. Шүлсгүй болохоор юм ч ярьж чадахгүй. Яг л өвчтэй хүн шиг сууж байгаа юм чинь. Гэдэс дуугараад, ходоод хоржигноод л(инээв). Нэг удаа тэмцээнд явах гээд 51 кг-д жин хасаад шөнө нь нэг кг илүү гэртээ ирсэн юм. Хоосон хоноод шөнө нь аймаар халуунд ус зүүдлээд зовсон. Тухайн үед огцом туршлагагүй жин хасаад өөрийгөө ядраасан байх л даа. Тэгээд бүр үхэх гээд хувцсаа ч өмсөж чадахгүй эхнэрээрээ цүнх саваа бэлдүүлээд яг гарах гэтэл утас дуугарахад ярих ч тэнхэлгүй эхнэртээ өгчихсөн. Манай хүн утас аваад онгоц хойшилсон гэхэд уур ч хүрэх шиг. Энэ мэтээр нервний, тэвчээр сорьсон мөч олон.

-Боксын шүүлтэнд хамгийн их луйвар ордог. Та ч зовлонг нь биеэрээ амссан хүн?

-Таван шүүгчийн анхаарал төвлөрөх, төвлөрөхгүйгээс болж оноо алдана. Эрдэмтэд хүний хувийн амбиц оруулахгүй шүүж болох эсэхийг судалж байгаа юм билээ. Бокс бол ямар ч вариантгүй, хүн харж л оноо өгдөг шүүлттэй. Бэлтгэл, форм сайтай бол тухайн үеийн од хийморь бас нөлөөлнө. Хаашаа ч яаж ч эргүүлж шүүж болох учраас илт баталгаатай ялахгүй бол хэцүү. Надад ч олон том тэмцээнд онооны ойролцоогоор ялагдаж байсан тохиолдол олон байсан. Тиймдээ ч олимпод бол эрт оноо цуглуулах тактик баримталсан. Зарим тамирчид ядарчихна гээд хугацааныхаа эхэнд өөрсдийгөө сойчихдог. Би бол олимпод тэгж өөрийгөө нөөгөөгүй. Эхнээсээ л зоригтой оноогоо цуглуулсан. Тэгээд ч ядарна гэж байхгүй гэж итгэлтэй тооцоолсон.

-Энхзоригийг Оросын боксчин рингнээс бууж ирээд цохьчихсон удаа бий. Олон орны тамирчдаас янз бүрийн л эмоци илэрдэг байх?

-Тийм. Ер нь ялагдал тамирчин хүнд ихийг өгдөг. Сургамж болж, дараагийн ялалтанд хүрэхэд хурцалж ирлэдэг. Ялагдаж байж ялалт өвөртлөнө. Тиймээс би олимпын өмнөхөн дэлхийн аваргад ялагдсандаа нэг их харамсдаггүй. Ялчихсан бол ханаад, болох юм чинь гээд орсон бол олимпийн аварга болоо ч уу, үгүй ч үү. Тэр ялагдал надад ихийг ойлгуулсанд баярлаж явдаг. Уг нь би дэлхийн аваргад Оросыг ялчихвал аварга болчихно гээд төсөөлж байсан. Маргааш орой нь өчигдрийнхөө мөрөөдөлд цаг ухраагаад очих юмсан гэж бодож билээ. Яагаад ялагдчихав, уг нь болохгүй юм байхгүй, боломжоо ашигласангүй гэж бодно уу гэхээс уурлаад байвал тамирчин хүн ахихгүй. Гадны зүсэн зүйлийн тамирчдаас янз бүрийн эмоци илрэнэ. Харууд бол жигтэйхэн сэтгэл зүйн дайралт арын өрөөнд их хийнэ. Тэмцээний өмнө массажинд ордог юм. Биеэ тослуулаад том чихэвч зүүчихсэн учиргүй сүрийг үзүүлээд пээдийгээд л байдаг юм. Бид нар бол даруухан. Ялагдсаныхаа дараа нөгөө онгироод байсан нөхдүүд чинь дальдчаад нүд рүү харж чадахгүй.

-Бээжингийн олимпийн ялалт өвөртөлсөн мөчүүд…? Та яаж сэтгэл зүйгээ хэмжээнд нь барьж чадаж байв?

-Маш гоё байсан. Тэмцээний өмнө сэтгэлийн хөдөлгөөнөө өөр юунд ч сатааруулж болдоггүй. Боксын төрөл олимпод хамгийн эхэнд эхэлж хамгийн сүүлийн өдөр дуусдаг. Нээлтийн параданд “Монголиа” гээд дуудуулаад алхаж байхад үнэхээр үлгэрийн ертөнцөд очсон мэт сэтгэл их догдолсон. “Олимп гэдэг чинь ийм агуу юм байдаг юм байна. Эндээс л ёстой хэн гэдгээ харуулах юм шүү” гэж бодсон. Тэгээд л олимпийн тосгондоо байрлан тус тусдаа хувийн бэлтгэлээ эхлэсэн. Би боксоос хамгийн эхэнд салхи хагалж тоглоод ялсан.

Жудод эхний тоглолтонд найдлага тавьж байсан тамирчид ялагдангуут гайхаад л “Сонин юм даа. Манайхан ингээд л ялагддаг юм байх даа. Олимп гэхээр л болдоггүй юм болов уу” гэж бодоод зүрх алдах ч үе байсан. Гэхдээ ямар ч байсан медаль авна гэж зүтгэсэн. Оноолтоо харахад “Оростой мөнгө дээр таарах нь. Жаахан наана нь таарсан бол ёстой мулталж тавихгүй юу” гэсэн чинь Банди багш инээгээд “Аяа, яа. Миний хүү биеэ тулаанд гоё бэлдээрэй. Унд хоолоо зохицуулна шүү” гэсэн. 14-нд манай Түвшээ алт авангуут бүгд баярлаад. Түвшээдээ баяр хүргэчихээд өрөөндөө орж амарсан. Монголд гудамжиндаа гарч баярлаж хөөрч байгааг бол төсөөлөө ч үгүй, мэдээгүй.

Тэр хавьдаа бол шөнө нь шаналгаатай л хэвтсэн. Нүдээ анихаар өрсөлдөгч бодогдоод, тоглох хүн нь тодорхой болчихсон. Унтан унтатлаа төсөөлөөд боксоо тоглоод, бас нервтэй спорт л доо. Тэгээд ашгүй 24 болж тэмцээн дуусч нар гарсан даа. Монголд ирээд тийм олон хүн тосно гэж бодоогүй. Онгоцонд хамгийн урьд эгнээнд Сэрдамба бид хоёр сууж ирэхэд “Олимпийн аварга Бадар-Ууган, Сэрдамба нар хамт зорчиж явна. Чингис хаан нисэх буудалд зорчигчид та бүхэн эмх замбараатай буухыг хүсье” гээд зарлангуут аймаар юм болох гэж байгаа юм шиг “Яана аа” гээд түгшээд явчихсан. Хамт яваа хүмүүс “За буугаад гоё яриарай” гэхээр нь бүр биеэ барьчихсан. Хамаг ухаан самуурах гээд, онгоцноос буунгуут гэрийнхэн ирчихсэн байгаа юм чинь(инээв). Урьд нь би оюутны дэлхийн аварга,болчихоод тэгтлээ сэтгэл хөдлөөгүй. Олимпоос ирэхэд ээж уйлаад угтангуут аймаар огшсон. Тэгээд хэсэг тэгж байгаад гайгүй болчихсон.

-Та ялалтынхаа дараа рингэн дээр бүтэн сойлт эргэсэн. Далбаагаа нөмрөөд дэвжээн дээр алга хавсраад залбирснаа одоо санадаг уу?

-Бүтэн сойлт эргэснээ санахгүй байгааг бодоход миний эмоци аймаар юм шиг байгаа юм. Рингнээсээ бол адис авсан. Тамирчин бүр л эх орон нутаг ус эцэг эх гээд залбирч байдаг зүйл бий. Надад рингэнд гарахдаа ч буухдаа ч боддог зүйл байдаг. Тэгээд би адис авчихаад шүлэг уншсан.

-Тийм үү?

-Мэдээгүй юм уу. Хүмүүс харин надаас камер луу хараад юм яриад байсан. Юу ярьсан бэ гэж асуудаг. Ш.Гүрбазар гуайн “Би Монголоороо гоёдог” гээд шүлгийн “Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд гоёдог. Би Монголоороо гоёдог” гэсэн мөрийг хэлсэн. Олимпийн хотхонд тамирчид улс орноо сурталчилж, их бахархдаг. Би шүлэг яруу найраг сонирхдог. Тэгээд олимпийн үеэр амрахдаа байнга бокс бодохгүйн тулд өөрийгөө сатааруулж шүлэг сонсч байсан. Аварга болвол энэ мөрийг гоё хэлнэ дээ гэж бодож байсандаа хүрсэн шүү. Монголчууд маань дээвэр нуртал дэмжээд сэтгэл нь хөөрөөд анзаараагүй байдаг. Аав маань ирэхэд бас юу хэлээд байсан бэ? Камерт сонсогдоогүй гэж байсан. Хүн байнга ахиж байдаг хойно би дараагийн мөрөөдөлдөө тэмүүлж байгаа. 2012 оны олимпод бэлтгээд цоо шинэ тамирчин Бадар-Ууган сууж байна. Бүгдийг шинээр эхэлж байдаг. Олимпийн аварга гэж өөрийгөө огт бодохгүй байгаа.

-Олимпийн аваргын зиндаархал, бэлтгэл сургуулилтын хувьд бусдаас ялгарах юм байх уу?

-Хөгжилтэй орны аваргуудын хангамж мэдээж өөр. Манайд бол тийм ялгарах зиндаархал байхгүй. Бусадтайгаа яг адилхан бор зүрхээрээ явж байгаа.

-Цэл залуугаараа амжилт өвөртөлсөн олимпийн аваргын хэмжээнд хувийн амьдралаа төвхнүүлж чадсан уу? Удахгүй бүл нэмэх гэж байгаа гэж сонссон?

-Амьдралдаа анхаарал тавиад, байн байн бэлтгэлээ хаяад гүйгээд байж тэр бүр болохгүй. Ерөнхийдөө аав ээж, хадмууд, хань ижилдээ арын албаа даатгах маягаар л явж байгаа. Намайг үнэхээр ойлгож дэмждэг. Тэгдэггүй байсан бол энэ абжур салж уналаа, хүүхдээ цэцэрлэгээс нь зөө асуудал үүсэх байсан байх. Тэднийхээ буянаар сэтгэл амгалан, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Эхнэртэйгээ багаасаа үерхэж байгаад гэр бүл болсон. Манай арын гудамжны, тоглож өссөн охин л доо.

-Эхнэр тань “Анх Бадраа нэг их урт сормуустай дугуй унасан хүүхэд нүдэнд туссан” гэж ярьж байсан. Таны нүдэнд гэргий тань анх яаж бууж байв?

-Би багадаа бэлтгэл сургуулилт гэж гүйсэн, гэхдээ л нийтэч хүүхэд байсан. Найзууд дунд маань ч охидууд байдаг л байсан. Өөрийгөө ойлгодог, хүмүүжилтэй сайн охинтой сууна гэж боддог байсан маань биелэлээ олж сайн ханьтай учирсан. Эхнэр маань Шархаданд амралтын өдрөөрөө ирдэг, 23-р сургуульд сурдаг охин байсан. Би бол тэр үед хөдөлгөөнтэй, зодоонч нөхөр байлаа. Найз охиндоо таалагдаж анхаарлыг нь татахын тулд атамандаж найзуудаа дээрэлхэж томорно оо. Гудамж хавьдаа хаа хамаагүй хүүхэд алхуулахгүй санаатай, нөлөөллөө тогтоочихсон(инээв).

Шархадны хүүхдүүд сургууль даяар андахгүй. Гэр маань техникийн захтай ойрхон, тэр хавьд билльярд тоглуулаад хүмүүсийн хийдгийг хийдэг байлаа. Гуанзанд ус зөөж өгөөд найзуудтайгаа их бужигнадаг. Багаасаа биеийн хүчний ажил хийж, хатуужил суусан гэж боддог юм. Шороон дээр өсч, хар бор амьдрал дунд төлөвшсөндөө бас олзуурхдаг. Өрөвч сэтгэлтэй болохоор атаман бол байгаагүй, сахилгагүй нь дийлсэн хүү байсан. Манай хүн даруухан болохоор надад бас нөлөөлсөн. Бие биедээ уусаад даруухан болсон. Би одоо бол найз нөхөд дундаа сонсоод сууна уу гэхээс гол дүрд нь ороод байдаггүй. Найзууд дундаа дуугүй талдаа.

-Гудамжинд зодолдож байхаар хорьдоггүй газар нь зодолд гэдэг чинь таны онигоо бил үү?

-Манай аав намайг ингэж хэлээд боксын секцэнд оруулж байсан. Нэг хөгжилтэй түүх мартдаггүй юм. 9-р ангидаа би ус авах гэж байгаад найзуудтайгаа тааралдаад зураг үзээд зогсч байтал нэг хүүхэд ирээд шууд булаагаад авдаг байхгүй юу. “Нүд рүү гараа хийлээ” гэдэг шиг юм болоод би хариуг нь өгөхдөө уруулыг нь сэт цохичихсон. Нөгөөх чинь гэрээсээ баахан хүн дагуулаад гэрт ороод ирсэн чинь би нуугдчихдаг байхгүй юу. “Ямар харгис юм, ийм болтол нь зоддог” гээд нөгөө зодуулсан хүүхдээ чирээд аав ээж нь бөөн юм болоод гараад явлаа. Эгч уйлаад “Чи дандаа хүн зовоож байдаг” гээл уйлж өгсөн. Орой нь аав ээж хоёр ирээд, ээж нуруун дундуур буулгалаа.

Тэгэнгүүт зодуулсан хүүхдийн аав, ахтай нь орж ирээд сүйд боллоо. “Тэр муу хог хаана байна” гээд намайг харангуут таг болчихсон. Хүүхэд нь аймаар том биетэй байхгүй юу. Би наана нь чөрийсөн хариугүй амьтан зогсч байдаг. Чи одоо манай хүүхдийг зодоод хаячихаж байгаа юм уу” гээд асуухаар нь би дуугүй л доошоо хараад зогсч байсан чинь ах нь аавынхаа ард орчихсон “Наадах чинь ёстой зэвүүн гар байхгүй юу” гэж байна. Аав нь тэгсэн чинь “Ийм юманд зодуулж байдаг заяагүй амьтад хохь нь” гээд шууд гараад явчихсан. Миний санаанаас энэ дурсамж ерөөсөө гардаггүй юм аа. Сүүлд тэр хүүхэдтэй сайн найзууд болсон л доо.

-Хөгтэй түүх байна. Олимпийн дараа компаниудын амласныг авсан аваагүй гээд ярих одоо залхмаар байх л даа…?

-Тэр үед сэтгэлийн хөдөлгөөнөөр олон хүмүүс олон зүйл амласан юм билээ. Гэхдээ эвгүй юм билээ. Олон нийтэд зарлачихсан болохоор бид аваагүй гэж зарлаж болохгүй. Авъя гээд гуйгаад байлтай биш. Одоо бол би тоохоо больсон. Маш олон газар урьсан, очсон. Хүмүүсийн хандлага мэдээж сонжиж сонирхоно.

-Олимпийн дараа та дэлхийд чансаагаараа нэгд бичигдсэн байх аа?

-Тийм. Олимпийн дараа би чансаагаараа дэлхийн хамгийн шилдэг боксчиноор шалгарсандаа маш их баярлаж байсан. 11 жингийн аваргууд дотроо ганц тамирчин үзүүлэлтээрээ шалгарсан нь би. Олимпийн жилдээ тэгж шалгарах бол үнэхээр бахархам, хүндтэй шагнал. Дэлхийн боксын холбооны бүх шүүгч, дасгалжуулагчид хурлаар шийддэг учраас шийдвэр гаргахад Баньди багш маань шагнал гардаж авчирсан.

-Таныг алтны уурхай сонирхож явна гэх юм. Бизнес, ирээдүйгээ бодсон алхмууд гэвэл зүгээр суугаагүй байх гэж бодож байна?

-Ний нуугүй хэлэхэд тийм юм байхгүй байгаа. Хэвлэлээр бодитой юм шиг биччихээр хүмүүс итгэчихдэг байх. Би бол “Амны билэгээс ашдын бэлэг” гээд л тоохгүй. Тэгээгүй гээд хөөцөлдөөд ч байхгүй. Гэхдээ өнөөдөр мөнгөгүй бол амьдрал дэвжихгүй. Бүх л юм мөнгөн дээр тогтож байна. Бага байхад аав ээж маань мөнгөөр тоглуулахгүй гээд хорьдог байсан. Амьдрал маань өнөөдөр боломжийн байна.

Эхнэр маань удахгүй амаржина. Хоёр дахь хүүхдээ хүлээж байгаагаа бодохоор итгэмээргүй юм шиг, цаг хугацаа ямар ч хурдан юм. “Манай хүүхдүүд гэж ярина” гэхээр инээдтэй ч юм шиг. Манай том, бага гээд л ярина гээд эхнэртэйгээ инээлддэг юм. Ер нь олуулаа байх гоё. Би олон хүүхэдтэй болно гэхээр эхнэр маань жаахан мушийна. Эмэгтэй хүн байнга гэртээ хүүхдээ хараад нөхрөө халамжлаад суух бол амаргүй л дээ. Охин маань дүүтэй болно гээд сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа. Одоо 3 настай л даа. Ээждээ ундаа хийж өгөөд уухгүй гэвэл “Үгүй ээ дүү ууна” гэнэ. Дүүгээ хажуудаа аваад унтана гээд байгаа.

-Та бол хүү битүүхэн горьдож байгаа юу?

-Хүн л бол хүн. Бурхны бэлэг учраас охин хүү гэж ялгахгүй байгаа. Би хүү гэхээс илүү охинд дуртай. Эмэгтэй хүүхэд хөөрхөн л дөө. Би 22 настай анх аав болж байлаа. Эхнэр маань 3, 4 хоног дуншсан. Он солигдох гээд яг шинэ жилээр өвдөөд ээж маань эх барьж авсан. Эхнэрээ дагаж гүйгээд олон хоног нойргүй яваад ядарсан хүн эмнэлэг дээр байсан чинь ээж “Чи энд байгаад яахав. Жаахан амраад ир” гээд явуулдаг юм байна. Хариад нам унтчихаж, утас дуугарлаа. Ээж “Азаа нь төрчихлөө. Миний хүү охиныхоо дууг сонс” гээд манай охиныг чимхсэн гэсэн. Очиж охиноо тэврээд л найз нар луугаа яриад бөөн баяр болсон. Эхнэр бид хоёр ярилцаж байгаад Нандин гэж нэр хайрласан. Шинэ хүнд маань нэг дотны хүн маань нэр өгьө гэж гуйхаар нь би зөвшөөрчихсөн байгаа. Эхнэр маань маш сайн хань, сайн ээж. Миний санааг зовоохгүй гээд бүгдийг зохицуулна. Бэлтгэл сургуулилт гээд гадуур их байрладаг. Бэлтгэлдээ ядраад нам унтчихаар өдөр нь ямар хоол идсэнээ ч мартчих хэмжээнд хөлс дуслуулна. Жилийн 80 хувьд нь бэлтгэлтэй гэрээсээ хол байрладаг. Тэмцээнээс гэртээ харилгүй шууд буудалд байрлаж байсан удаа ч байдаг. Ингэж явж байж л амжилтанд хүрнэ л дээ. Гэртээ бол цагийн хуваарь алдагдана, цагтаа хоолоо идэхгүй. Ритм алдагдахаар эргээд формондоо орох хүртэл маш хүнд.

-Таньд гаднаас санал ирсэн үү?

-Мэргэжлийн боксын холбооноос надад санал ирж байсан. Би бодож үзээд татгалзсан. Минийхээр бол жаахан шоу талдаа санагдаад, хэрэггүй гэж бодсон. Өөрөөр бол гадны тамирчин болно гэж байхгүй л дээ.

-Таны сэтгэл зүйч гэж ямар хүн байдаг вэ?

-Хатанбаатар эмч байдаг. Хамаг зүйлээ ярина, илэн далангүй байна. Биед гарч байгаа өөрчлөлтөөс эхлээд зөвлөнө. Тамирчин хүн өөртөө хяналт сайн тавина, дотор хүнээ их чагнадаг.

-Таны өмссөн “Top ten” шошготой Монголын далбаатай хувцас, цүнх шигшээ багийнх уу? Бас таны бээлий сонирхол татаж байна?

-Тийм. Боксын холбооны захиалж хийлгэсэн хувцас. Миний бээлий бол гадаадад захиалгаар хийлгэсэн, бусдаасаа арай үнэтэй нь. Ер нь амьдрал дээр ч би спорт хэрэглэлийн хувцсыг мэдээж илүүд үзнэ. Монголоосоо нэг их аваад байдаггүй. Гаднаас л тэмцээн уралдаанд явахдаа санаанд таарснаа авна. Би ер нь малгай, пүүзний цуглуулга ихтэй. Урьд нь гадагшаа явахдаа эхнэртээ ямар бэлэг авах вэ гэж боддог байсан бол одоо охиндоо гээд л явчих талтай.

-Дүү нар нь Бадарааг харахаараа даруулгатай гэж ээж тань ярьж байсан санагдаж байна?

-Тэгэлгүй яахав. Дүү нар аав ээжтэй хамт амьдардаг. Ахын хувьд дүү нараа даруулгатай зөв хүмүүжүүлнэ, заана зөвлөнө. Өөрсдийнх нь амьдралд хэрэгтэй зүйлд санаа оноо өгдөг болохоос айлгаад харцаараа хөдөлгөөд байдаггүй. Аав ээж хоёр маань бид нарыг зөв хүмүүүжүүлж, амар амгалан амьдралд өсгөсөн.

-Та МУИС-ын хууль зүйн сургуульд сурдаг оюутан. Бэлтгэл хичээл амжиж байна уу? Өмнө нь нисэхийн сургууль таньд урилга илгээж байсан шүү дээ?

-Залуу хүний хувьд боловсролдоо анхаарч, цаг ямагт өөрийгөө ахиулж байхыг чин сэтгэлээсээ хүсдэг боловч хатуу чанд бэлтгэл сургуулилтаасаа шалтгаалаад тэр бүр санаандаа хүртэл хичээл ном гээд гүйж чадахгүй байгаа. Энэ намраас МУИС-ийн ХЗС-д суралцах болсон. Би өөрөө хууль эрх зүйг сонирхож орсон. Нисэхийн сургуулиас урилга ирсэн ч олон хүний амь нас даасан хариуцлага өндөр учраас одоогоор хойш тавьсан байгаа. Боловсролыг бол хаа ч онцгойлон анхаарч байх ёстой. Эхнэр маань ч энэ талдаа цаг зав зардаг.

-Та бэлгэнд ирсэн унаагаа барьж байгаа юу?

-Найз нараа бодвол машинд сонирхолгүй. Машин бол хэрэглээ. 2007 онд жолоо барьж сурсан. Оимпоос хойш Төв аймгийнхан маань Land 200 бэлэглэсэн. Одоогоор би жижиг машин барьж байгаа. Эхнэр маань харин надаас илүү машин сонирхоно. Яагаад ч юм сонирхол байхгүй болохоор би чамирхаад холио солио хийгээд хобби болгоод явдаг зан байхгүй.

-Бэлтгэлтэй гадуур байрлахаар гэргийн гарын хоол, халамж үгүйлэгдэнэ биз?

-Эхнэрийнхээ гарын хоолонд дуртай. Намайг амтархан идэхээр маш их баярладаг. Би гурилтай шөлөнд их дуртай. Гурилыг нь надад зориулаад дийлдэхгүй шахам хатуу зуурч хийдэг. Бараг элдэж чадахааргүй хатуу гурилтай. Манай хүний технологи л доо.

-Гэр бүлийн ялимгүй маргаанд хэн нь илүү буулт хийдэг вэ?

-Бид хоёр тэгтлээ муудалцаж, санал зөрдөггүй. Тэгээд ч би аль болох эхнэрээ бухимдуулаад байхгүйг хичээдэг. Маргалдах юм гарвал хоёулаа жаахан дуугаа хурааж байгаад тэгсгээд л мартчихдаг. Би бол бүүр амархан тайвшраад, ганц хоёр цагийн дараа юунаас болж маргаснаа ч бараг санахгүй.

-Залуу гэр бүл баяр болгонд ач холбогдол өгдөг байх. Энэ жил та эхнэрээсээ их том бэлэг авч байгаа юм байна?

-Охиныхоо төрсөн өдрийг аль болох гоё дурсгалтай тэмдэглэхийг хичээдэг. Өнгөрсөн жил миний төрсөн өдрийг эхнэр маань үнэхээр сэтгэл гаргаж тэмдэглэсэн.
Сонирхолтой нь Бээжингийн олимпийн аваргын 3 алтан медальтан 6 сарын 1, 2, 3-нд дараалаад төрснийг өнгөрсөн жил мэдсэн. Н.Түвшинбаяр 6 сарын 1-нд, У.Бaaтаржав ах 2-нд, би 3-нд төрсөн. Бие биедээ баяр хүргээд сайхан байсан. Урьд нь дандаа л жингээ хасч таараад, юм ч идэж чаддаггүй байсан. Удахгүй эхнэрийн маань төрсөн өдөр болно. Яаж баярлуулахаа бас бодоод л байгаа. Жирэмсэн хүнийг хамаагүй баярлуулж болдоггүй гэсэн, бас(инээв).

-Цагаанбаатар, Наранбаатар нарын хамт “Амжилтын төлөө хамтдаа” ТББ байгуулсан. Залуу тамирчдын зовлон жаргалыг та нараас илүү хэн мэдэх вэ дээ?

-Бид нэлээд ярилцаж байж шийдсэн. Эгэл бор амьдралаас төрж гарсан, өөрсдийнхөө адил замналаар явж байгаа залуу тамирчдаа дэмжиж зорилгодоо хүрэхэд нь бага боловч туслах зорилгоор үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа. Зүрх сэтгэлээ спортод өгчихсөн хоол унааны мөнгөтэй мөнгөгүй л гүйж яваа тэднийг амжилт гаргаж амжаагүй байхад нь ивээн тэтгэх байгууллага байхгүй бэрхшээл их л дээ. Хүмүүс спортын амжилтаар бахархдаг хирнээ яаж хөлс хүч зарж ялалтанд хүрдгийг мэддэггүй. Заавал олимп, дэлхийн аварга болохдоо гол нь биш, спортоор хичээллэх нь хувь хүний бие физиологи, хүмүүжил төлөвшилд ямар ихийг өгдөг ач тусыг сурталчлах зорилгоор телевизүүдтэй хамтрах бодолтой. Үйл ажиллагаа маань цаашид илүү өргөжнө. Үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа.

-Гэнэтхэн олны анхаарлын төвд орчихсон нь залуу хүний хувьд өөрийгөө цэнэхээс эхлээд амаргүй байсан байх?

-Олны дунд биеэ зөв авч явах бол мэдээж. Залуу хүн найз нөхдийн хамт хааяа инээж хөөрч суух болдог. Гэхдээ л би байгаагаараа л байдаг. Эхэндээ хүмүүсийг ямар их зурагаа авахуулдаг юм бэ гэж гайхдаг байснаа сүүлдээ дасаад дунд нь орж зохион байгуулаад, гялс зохицуулдаг болсон.
Бичсэн: ulziimunh | цаг: 16:09 | sport
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)